"Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө |
ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
|
ШУТИС-ийн Бизнес Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан ШУТИС-ийн Бизнес Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн санхүү менежментийн мэргэжлээр сурч буй оюутнуудын дунд зохион байгуулдаг “Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид” тэмцээн 23 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээний шүүгчдээр ШУТИС-БУХС-ийн Бизнес Удирдлагын салбарын Док.,проф. Б. Энхтуяа, Докторант Д. Баярмаа, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцсон юм. Ивээн тэтгэгч байгууллагаар Монголын Цогц Сургалт Хөгжлийн Академи оролцож 5 сая төгрөгний тэтгэлэг олгосон байна. Тэмцээний тэргүүн байрыг “Баярлалаа” баг, удаах байрыг “Тогтмол өсөлт” баг, гурав дугаар байранд “Юуны төлөө” баг шалгарч зохион байгуулагч, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнагдлаа. Оюутан залуусын сурах, шинийг эрэлхийлэх үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллаж буй Монголын Цогц Сургалт Хөгжлийн Академийн талаар товч танилцуулъя. Монгол улсынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудын амьдралын баталгааг хангах цогц мэдлэгийг, цогц сургалтаар чанарын өндөр түвшинд хүргэх, суралцах чин хүсэл сонирхолтой, нийгмийн идэвхи сайтай боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас суралцах боломжгүй, өөрийгөө хөгжүүлж чадахгүй байгаа хүүхдүүдэд болон аливаа уралдаан тэмцээнд амжилт гаргаж буй шинэ боловсон хүчин болсон оюутан залуучуудаа дэмжиж мэдлэг дээр нь мэдлэг нэмсэн олон үйл ажиллагаа зохион байгуулж, тэтгэлэгт гардуулдаг юм байна. Тус академи нь сургалт, судалгаа, боловсрол зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, чадварлаг хамт олон, тохилог сургалтын орчиныг бүрдүүлэн ажиллаж байна.
|
ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
/7,7 сая төгрөгийн боловсролын үйлчилгээ/ “Монголын цогц сургалт хөгжлийн академи” нийгмийн идэвхи сайтай, суралцах чин хүсэл сонирхолтой боловч эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас өөрийгөө хөгжүүлэн суралцах боломжгүй хүүхэд залуучуудад боловсролын үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилгын хүрээнд Жавзандамба Хутагт Төвд 2,5 сая төгрөгийн үнийн дүнтэй 1 жилийн Солонгос хэлний эрчимжүүлсэн сургалтанд 100% хөнгөлөлттэй суралцах 3 эрхийн бичиг болон 200.000 төгрөгийн үнийн дүнтэй Англи хэлний 2 сарын эрчимжүүлсэн сургалтанд 100% хөнгөлөлтэй суралцах 1 эрхийн бичиг гардуулсан юм. Ийнхүү Жавзандамба Хутагт Төв Солонгос хэлний сургалтын 3 эрхийн бичгийг СХД-ийн “Эрдэм” асрамжийн газрын 10 болон 12 ангийн хоёр сурагч болон манай төвийн сургалтанд хамрагддаг амьдралын түвшин доогуур айлын 16 настай хүүд бэлэглэсэн юм. Англи хэлний 2 сарын сургалтанд сурах эрхийн бичгийг СХД-ийн хөгжлийн бэрхшээлтэй 27 настай эмэгтэйд бэлэглэсэн. Монголын цогц сургалт хөгжлийн академи нь Солонгос хэлний эрчимжүүлсэн сургалтанд хамрагдаж байгаа 3 сурагчийг Солонгосын их, дээд сургуулиудад элсэн суралцах хэлний шаардлагыг амжилттай биелүүлж чадсан тохиолдолд тэтгэлэгтэйгээр суралцахад нь чин сэтгэлээрээ туслан дэмжих болно хэмээн мэдэгдсэн. 7,7 сая төгрөгийн үнэтэй хувцас хунар, хоол хүнс, бэлэг сэлт тарааснаас 7,7 сая төгрөгийн үнэтэй сурч боловсрох, мэдлэг чадвар эзэмших боломж олгох нь маш далайцтай, үлдэцтэй, насан туршид нь хэрэг болохуйц оюуны хөрөнгө оруулалт юм. Хүний сурч эзэмшсэн мэдлэг чадварыг хэн ч булааж эс чадах бөгөөд хэрэгтэй үед өөрт болон бусдад үргэлж ашиг тусаа үзүүлж байдаг нь гайхамшигтай. Ийнхүү Монголын ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудыг дэмжин ажиллаж, оюуны хөрөнгө оруулалт хийж, эрдмийн алтан түлхүүрийг атгуулж буй “Монгол цогц сургалт хөгжлийн академи”-ийн удирдлага болон багш, ажилчид хамт олонд нь Жавзандамба Хутагт Төв суралцагч хүүхдүүд болон нийт сайн үйлсийг дэмжигч хүн бүрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлээд ажил хөдөлмөрийн өндөр их амжилт хүсэн ерөөе. Олон олон хүүхэд залуучуудыг эрдэм мэдлэгийн их далайгаар аялуулж, мэдлэг чадвар эзэмшүүлээрэй хэмээн ерөөе. ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ |